Монголын өнөөгийн нийгэм эрэгтэйчүүдэд маань хэр их ээлтэй вэ? Үгүй ээ, хэр их эрсдэлтэй нийгэм бэ ч гэх юм уу?

Дундаж наслалт

Монголд төрөлтөөс тооцсон дундаж наслалт 2017 онд 69.89 болсон ба эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.44, эрэгтэйчүүдийнх 65.88 болж нэмэгджээ. Дундаж наслалтын хувьд аль ч улс оронд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 4 насаар илүү амьдардаг гэсэн статистик бөгөөд манай улсын хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 9.56 жилээр илүү гэсэн үр дүн гарсан байна. Энэ үзүүлэлтээр Монгол улс дэлхийд 159-рт бичигдсэн байх юм. http://www.chd.mohs.mn/2018/sariin%20medee/Eruul%20mendiin%20uzuulelt-2017%20on-2018.06,25.pdf

Нас баралт

2018 оны эхний 8 сарын байдлаар Монгол улсад нийт нас баралтын 11 439 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1068 тохиолдлоор өсчээ. Нийт нас баралтын 6943 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4496 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Нас баралтын шалтгааны 16.4%- г амиа хорлолт эзэлж байгаа нь анхаарлаа хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болохыг харуулж байна. http://www.chd.mohs.mn/2018/sariin%20medee/8%20sariin%20medee%202018on.pdf

Дэлхийд харин Монгол улс 70 наснаас өмнөх эрэгтэйчүүдийн нас баралтаар тэргүүлсэн байх юм.

Боловсрол

2013 оны сургууль завсардсан сурагчдын 90% нь хөвгүүд байсан бол 2017 оны байдлаар Монгол эрэгтэйчүүдийн 15% нь дээд боловсролтой гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь манай улсын эрэгтэйчүүдийн боловсролыг дэмжих төр засгийн бодлого сул буюу тэртээ 2013 оноос дээрдээгүй гэдгийг харуулж байна.

Ийм байхад Монголд улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага гарын таван хуруунд багтахаар цөөн, эрэгтэйчүүдийн эмнэлэг 10 хүрэхгүй байна гээд бодохоор үнэхээр харамсалтай!

P.S. Дээрх статистикуудыг бичиж байхдаа цөөн хэдэн эрчүүдээ хайрламаар санагдсанаа нуух юун. Үүнээс гадна маш олон асуудлууд байгаа ч цуврал байдлаар оруулахаас аргагүй гэж бодохоор аймшигтай биш гэж үү?

P.S. Олон улсад тэгш байдлыг бий болгоход эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаас гадна залуу үе, хөвгүүд рүүгээ хандсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрэгтэйчүүдийн боловсрол, сэтгэцийн эрүүл байдлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах нь эргээд нийгэм дэх хүчирхийлэл, гэмт хэрэг, амиа хорлолт, өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлт зэрэг асуудлуудыг бууруулахад түлхэц болдог гэсэн мэдээллийг уншаад эх орондоо тэр хөтөлбөрүүдээс нь ганц, хоёрыг ч болов чирээд хэрэгжүүлчих юмсан гэж бодогдсон. Энэ талаар үйл ажиллагаа явуулдаг томоохон олон улсын нэг байгууллагад хүсэлт илгээсэн. Хариугаа хүлээгээд л сууна(:fingercrossed:). Ямартай ч он дуусахаас өмнө нэлээн ажил хэрэгжүүлье гэж бодож байгаа тул нэгдэх хүмүүс байвал холбогдоорой!