Олон нийтэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох асуудал олон улсад шинжлэх ухаан болтол хөгжсөн байна. Америк, Европын их сургуулиуд энэ чиглэлээр бүтэн мэргэжлийн ангиудыг нээн суралцуулж эхлээд хэдэн арван жилийг ардаа үлджээ. Гол зорилго нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд өөрсдийн эрүүл мэндтэй холбоотой шийдвэр гаргалтыг зөв зүйтэй гаргах мэдлэгийг олгох мэргэжилтнүүдийг бэлдэх явдал юм. Учир нь дан ганц АНУлсад гэхэд хүн амын эрүүл мэндийн боловсрол байдал муу байх нь жилд улсын эдийн засагт 106 тэрбум ам.доллараас 238 тэрбум ам.доллартай тэнцэх хохирлыг учруулдаг ба эцсийн дүндээ мөнгөөр хэмжих боломжгүй хэдэн сая хүний алтан амь эрсддэг тухай сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаа харуулсаар байна.

Монгол улсын эрүүл мэндийн салбарын зардал улсын нийт төсвийн 8%, дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6%-тай тэнцэх хэмжээнд байна /Статистикийн мэдээллийн нэгдсэн сан/. Олон улсад эрүүл мэндийн салбарын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 18%тай тэнцэх хэмжээнд байх нь зохистой хэмжээ гэж үздэг. Манай орны хувьд энэ үзүүлэлт даруй 5 дахин бага байхаас гадна үүнээс 13% хүрэхгүй хэсэг нь хүн амын урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн ажлуудад зарцуулагддаг гээд бодохоор өрөвдөлтэй. Монгол улсын хувьд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох бодлого маш муу хөгжсөн. Хамгийн анхаарал сул тавигддаг асуудлын нэг. Шалтгаан нь эрүүл мэндийн салбарын хөгжил бусад салбарынхтайгаа хөл нийлүүлэн алхах боломжгүй, байнгын санхүүжилтын болоод улс төрийн хараат байдалтай байдаг явдал юм.

Иймээс хүний их эмчийн мэргэжлийг эзэмших явцдаа дан ганц хүний биеийг эмчлэх нь хангалтгүй бөгөөд хүн амын сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, боловсролд дэмжлэг үзүүлэхгүйгээр эрүүл нийгмийг бүтээх боломжгүй гэдгийг ойлгосон.

Энэ ажил тийм ч амар бүтэх ажил биш юм. Бурзай бурзай, могойн зураг, байрны постууд хэдхэн минутын дотор хэдэн мянга лайк, пост хүрэлт нь сая саяаар хэмжигдэж байхад эрүүл мэндийн талаарх мэдээлэл хүрц муутай, үнэлэгддэггүй байдал одоо ч байсаар л байна.

Яавал өөрчлөгдөх, юу хийвэл хүмүүст эрүүл мэндээ хайхрах дадал зуршил, анагаах ухааны талаар багахан ч гэсэн ойлголтыг ямар байдлаар өгөх вэ гэж маш их уншиж судалж, толгойгоо гашилгаж, олон зүйлийг удаа дараа туршиж үзэн одоо ч суралцаж дуусаагүй л явна.

Ингэж явсаар сүүлийн 3 жил олон нийт, иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн зөвлөгөө хүргэдэг нийт 6 фэйсбүүк хуудас ажиллуулж ирсэн байх юм.

Энэ хугацаанд сайнтай муутай, санхүүжилттэй санхүүжилтгүй, хүний өөрийн мөнгөөр бүхий л бололцоогоо дайчилж ажилласны үр дүнд багагүй сургамж, туршлага хуримтлуулж ханатай болсон гэж хэлэхэд болно.

Энэ чиглэлээр манай оронд одоогоор институтын түвшинд мэргэжил олгох, мэргэжилтэн бэлтгэх бодлого болоод боломж байхгүй байгаа учир тэр хугацааг хүртэл өөрийн хувь нэмрээ оруулахаар зориг шулуудан ажиллаж байна.

Хамгийн сүүлд 2019 онд эрүүл мэндийн салбар, иргэдэд мэдээ мэдээлэл, инновацийг үрийг үрслүүлэх Medway Consulting хэмээх гарааны компанийг үүсгэн байгуулж “Олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох” өөрийн шинэ төслөө эхлүүлээд хагас жилийн нүүрийг үзжээ. Мэдээллийн сувгийн хувьд:

1.Бүх насныханд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх зорилготой “Medway Psychology — Сэтгэл зүйн боловсрол олгох төв” фэйсбүүк хуудас

2. Иргэдэд болоод салбарынханд зориулсан анагаахын англи хэлний мэргэжлийн орчуулгын үйлчилгээ, анагаах ухааны салбарын сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэх зорилготой “Medway — Анагаахын баталгаат орчуулгын төв” фэйсбүүк хуудас

3. Нотолгоонд суурилсан эрүүл мэндийн боловсролыг түгээх зорилготой “Anudari MEDWAY” Медиум хуудсыг хөтөлж явуулж байгаа бөгөөд өнөөдрөөс энэхүү өөрийн фэйсбүүк хуудсыг хөгжүүлэн олон нийтэд зориулсан эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөөг багцлан хүргэхээр шийдээд байна.

Байгууллага болон хувь хүмүүс дээрх чиглэлээр урт болон богино хугацаагаар хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн бидний санал санаачлагыг дэмжиж байвал та бүхэн бидэнтэй хамт байж эрүүл мэндийн холбогдолтой баталгаат эх сурвалжтай мэдээ мэдээллийг цаг алдалгүй аваарай.

Хүндэтгэсэн,

С.Анударь